“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаа боллоо

Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, засаглалыг дэмжих зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагаас “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг 2017 оноос хойш хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлээд байна.


Уг төслийн хүрээнд төрийн үйлчилгээ, бэлчээрийн менежментийг сайжруулахад орон нутгийн удирдлагуудыг бодлогоор дэмжих, иргэдийн шийдвэр гаргах түвшинд оролцох боломжийг нэмэгдүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн гурван дэд төслийг хэрэгжүүлсэн юм. Тодруулбал, Швейцарын хөгжлийн агентлаг болон Улсын Их Хурлын Тамгын газар хамтран “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх” нь дэд төсөл, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Ерөнхийлөгчийн Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төсөл, “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл зэрэг багтаж байгаа юм.


“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр (2023.12.14) Төрийн ордонд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хүний эрхийн Үндэсний Комисс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш нар, “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн оролцогчид, судлаачид зэрэг 100 гаруй зочин, төлөөлөгч оролцов.


Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн захирал, доктор Д.Энхбат хаалтын үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ, “Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсад ардчилал, парламентын засаглалыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран ажиллаж, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” зэрэг төслийг амжилттай хамтран хэрэгжүүлсэн. 2016-2021 онд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгдүгээр үе шатанд Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиуд, Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэхэд техникийн дэмжлэг үзүүлж, хуулийн хэрэгжилтэд парламентын хяналт тавих чадавхыг сайжруулах чиглэлээр Монгол, Швейцарын парламентын Тамгын газрууд хооронд техникийн хамтын ажиллагааг эхлүүлж, хамтын ажиллагааны сайхан уламжлал, баялаг туршлагатай болжээ. Төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлсэн өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргийг хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх” үндсэн зорилгоо бүрэн биелүүлж ажиллалаа. “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл Улсын Их Хурал, түүний Тамгын газрын шинэчлэлийн зорилтууд, хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлж, хууль тогтоох институцын үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой чухал хувь нэмэр оруулсан” хэмээн онцлон тэмдэглэв.


“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн парламентын боловсролын дээшлүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлсэн.  “Парламентын боловсрол” хөтөлбөр, “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийн үйл ажиллагаа, “D-Parliament” цахим систем бол үүний тод илэрхийлэл мөн юм.

Хаалтын үйл ажиллагаанд “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш, 148 дугаар сургуулийн түүх, нийгмийн багш Г.Баярмаа, “Өсвөрийн парламент 2021” хөтөлбөрийн оролцогч Г.Гантигмаа нар сэтгэгдлээ хуваалцаж, үг хэллээ.


Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, “Парламентын ардчиллыг бэхжүүлэх, илүү чанартай төрийн үйлчилгээг иргэддээ үзүүлдэг болоход нь нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бидний хамтын үйл хэрэгт гарсан ололт, амжилт Монголд урт хугацаанд тогтвортой үргэлжлээсэй гэж бид хүсэж байна. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон нутгийн удирдлагын байгууллагууд дахь түншүүд, эрдэмтэн судлаачид, төслийн нэгжийн хамт олонд үр бүтээлтэй, үр дүнтэй хамтарч ажилласанд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.” хэмээгээд  хамтын хүчин чармайлтын хүрээнд бий болгосон энэ бүх ололт амжилтаа цаашид тогтвортой үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

2021 оны 8 дугаар сараас эхэлсэн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл зорилго нь Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргийг хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, хоёр улсын хууль тогтоох байгууллагын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны үр дүн, ололт амжилтыг бататгаж, хянан шалгах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Төслийн үр дүнгийн талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн захирал, доктор Д.Энхбат танилцууллаа.


Тэрбээр, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэлэг зохицуулалтуудыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж ажилласан. Эдгээр хуулийн зэрэгцээ УИХ-ын болон УИХ-ын Тамгын газрын Стратеги төлөвлөгөө бол парламентын шинэтгэлийн гол хөдөлгөгч хүч байсан. Цаашид ч парламентын хөгжлийн зураглалыг тодорхойлох гол хууль, бодлогын баримт бичгүүд гэж хэлж болно. УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг зохицуулж буй холбогдох дүрэм, журмуудыг боловсронгуй болгоход чухал дэмжлэг үзүүлсэн. Жишээлбэл, хуулийн төсөлд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачлалыг нэвтрүүлж, хуулийн төсөл бүрд хүний эрхийн суурь зарчмын үүднээс үнэлгээ хийдэг болох зорилго тавьж байгаа.


Түүнчлэн “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ын механизм бүрдүүлэх ажлыг амжилттай эхлүүлж, хоёр удаагийн сургалтад 28 байгууллагын 100 гаруй мэргэжилтнийг хамруулж, гэрчилгээ олголоо. Энэ бол Монголын парламентат ёсны түүхэнд анх удаа зохион байгуулагдсан сургалт юм. Цаашид тус сургалт хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт багтаж, тогтмол зохион байгуулагдах боломжийг бүрдүүлсэн. Бидний алсын хараа бол энэхүү сургалтыг олон улсын сургалт болгож, бусад улс орнуудтай хамтран зохион байгуулахыг зорьж байна гэлээ.

Хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих чиглэлд гарсан хамгийн чухал үр дүнд Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбооны дэмжлэгтэйгээр явуулсан хүний эрх, жендэрийн үнэлгээ зүй ёсоор орно. Үнэлгээний үр дүнд Улсын Их Хурлаас баталж буй хууль тогтоомж, Улсын Их Хурал, Тамгын газрын үйл ажиллагаанд тусгах шаардлагатай асуудлуудыг тодорхойлсон дүгнэлт, зөвлөмж тун удахгүй гарна. Энэ зөвлөмжийг бид Улсын Их Хурлын 2025-2028 хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусган, хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Монголын парламент хүний эрхийг хангах, хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар бодлогын манлайлал үзүүлж, сонирхогч талуудтай нээлттэй, идэвхтэй хамтран ажиллах бодлого барьж ажиллана гэдгийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат танилцуулгадаа дурдсан юм.


Тэрбээр, “Энэхүү төслийн хүрээнд Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг амьдралд хэрэгжүүлэх чиглэлээр олон ажлуудыг хэрэгжүүлсэн явдал байлаа. Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа 2017 оноос эхлэлтэй. Хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын мэргэжил нэгтнүүдийн солилцооны хөтөлбөр тогтмол явагддаг болсон бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлж, 2024-2027 онд үргэлжлүүлэн ажиллахаар ажил хэрэгч саналууд солилцсон. Үүгээрээ “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл монголын ардчиллыг бэхжүүлэх, парламентын хяналт шалгалтын тогтолцоог хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ бол бүхэлдээ Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хоёр улсын парламентын Тамгын газар үр дүнтэй, эрч хүчтэй, тогтвортой хамтран ажиллаж байгаа сайн жишээ” хэмээн дүгнэж хэлэв.


Мөн “Ерөнхийлөгчийн Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн үр дүн, тогтвортой байдлыг хангах талаар Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх, доктор А.Бямбажаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Х.Энх-Орших, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь”, “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийн үр дүнгийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар тус тус танилцуулга, мэдээлэл хийлээ.


Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурриг жендэрийн тэгш байдлыг хангаж, хүний эрхийг хамгаалах, хэвлэл мэдээллийг эрх чөлөөг дэмжиж, залуу сэтгүүлчдийг чадавхжуулах, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагнасныг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид гардуулан өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *