“Өсвөрийн парламент” бүлгэмийн сурагчдад зориулсан Парламентын боловсрол хөтөлбөрийн сургалтыг зохион байгууллаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулсан билээ.

Энэхүү төв байгуулагдсанаар иргэд Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжтой танилцах, парламентаар хэлэлцэж буй хуулийн төсөлд цахимаар санал өгч, хууль тогтоох үйл явцад оролцох, санал бодлоо илэрхийлэх боломжтой болж байгаа юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэдэд зориулсан хууль тогтоомжтой холбоотой сэдвээр төрөл бүрийн сургалтыг уг төвд зохион байгуулахын зэрэгцээ ард иргэд парламентын гишүүд, орон нутгийн хурлын төлөөлөгчидтэйгөө уулзалт, хэлэлцүүлэг хийх боломж бүрдэж байна.  

2023-2024 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Хууль тогтоомж сурталчлах төвд тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Өсвөрийн парламент” бүлгэмийн сурагчдад зориулсан Парламентын боловсрол хөтөлбөрийн сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтад “Од” цогцолбор, “Оюуны ирээдүй” цогцолбор, 4, 16, 19 дүгээр сургуулийн 20 гаруй сурагч хамрагдаж, “Парламентын тухай ойлголт”, “Хүний эрх, ардчилал”, “Нутгийн өөрөө удирдах байгууллага” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл авлаа.

Сургалтын чиглүүлэгчээр Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Боловсрол хариуцсан мэргэжилтэн А.Энхчимэг, 16 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш, Монгол Улсын зөвлөх багш Б.Ариунтуяа, “Од” цогцолбор сургуулийн түүх, нийгмийн ухааны багш А.Пүрэвсүрэн, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын ахлах мэргэжилтэн Л.Жаргалмаа, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн ажилтан У.Өнөрмаа нар ажиллав.

Сургалтын үеэр Швейцарын хөгжлийн агентлагаас Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн үнэлгээний багийн гишүүд багш, сурагчидтай уулзлаа.

Дархан-Уул аймгийн “Өсвөрийн парламент” бүлгэмийн багш, сурагчид Хууль тогтоомж сурталчлах төвд сургалт, нөлөөллийн ажлуудыг тогтмол явуулж байхаар боллоо.  

“Өсвөрийн парламент” бүлгэмийг анх 13 сургуулийн 35 сурагчтайгаар 2021 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулжээ. Аймгийн хэмжээнд улсын болон хувийн өмчийн нийт 26 ерөнхий боловсролын сургууль байдгаас 10-т нь салбар бүлгэмийн байгуулж, өнөөдрийн байдлаар 115 орчим сурагч гишүүнээр элссэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *