Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгоход чиглэгдсэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 2021 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Тус хөтөлбөрийг Монгол Улсын бүх хүн амд чиглүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд “Парламентын боловсрол-Сургагч багш” (дэд) хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Нийслэлийн боловсролын газартай хамтран 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
“Парламентын боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 09-р сарын 22-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.
Нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал, Боловсролын хүрээлэнгийн Секторын эрхлэгч У.Туяа нар оролцлоо. Мөн тус хөтөлбөрт бүртгүүлэн хамрагдаж буй нийслэлийн 9 дүүргийн 62 сургууль болон дэлхийн 21 улс оронд байгаа 61 монгол сургуулийг төлөөлөн нийт 135 багш, сургуулийн удирдлагууд оролцож санал солилцлоо.
Сургагч багш бэлтгэх дэд хөтөлбөр нь 2022 оны 12-р сарыг дуустал үргэлжилнэ.
Монгол Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын Тамгын газрын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан “Парламентын боловсрол”-ын хөтөлбөр боловсруулах, парламентын сургалтын танхим байгуулах, цахим хуудас ажиллуулах зэргээр парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар тусгасан. Дэлхийн улс орнуудад ч парламент нь өсвөр үеийнхэн, залуучуудад ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч парламентын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сайн жишиг бий.
Улсын Их Хурлын Тамгын газраас өсвөр үеийнхэнд зориулан боловсруулж, хэрэгжүүлж байгаа “Парламентын боловсрол” хөтөлбөрөөр ардчиллын мөн чанар, парламентын засаглалын онцлог, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг хэрхэн боловсруулж, баталдаг, мөн түүнийг хэрэгжүүлэхийн утга учрын талаарх мэдлэг олгох, шийдвэр гаргахад оролцох чадвартай, хүний эрхийн мэдрэмжтэй, нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхийг зорьж байна.