Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилт тусгагдсан. Уг зорилтын хүрээнд энэ оны нэгдүгээр сард Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Хууль тогтоомж сурталчлах төвүүдийг байгуулсан юм.
Тус төв нь Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомж, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэр, мөн Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулан сурталчлах, “Парламентын боловсрол” хөтөлбөрийг орон нутгийн хүүхэд залууст таниулах, тэдгээрийн оролцоог хангахад хамтран ажилладаг.
Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд энэ сарын 06-08-ны өдрүүдэд Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан сумдад ажиллалаа.
Ажлын хэсгийн гишүүд Улсын Их Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, Хууль тогтоомж сурталчлах төв, “D.Parliament”, www.edu.parliament.mn, www.bhr.mn сошл платформыг сурталчлах, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн мэдээллийг танилцуулав.
Мөн Баянлиг, Баянцагаан, Баацагаан сумдын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хүсэлтээр “Өсвөрийн парламент”-ын салбарыг байгуулж, цаашид парламентын боловсрол олгох ажлыг сум орон нутагтаа тогтмол зохион байгуулахаар болжээ.