Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн ордонд боллоо.
“Өсвөрийн парламент” хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн боловсрол” сэдвээр анхны хичээлийг заасан бөгөөд “Тогтвортой хөгжил ба эрчим хүчний хэмнэлт” сэдвээр Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын оролцоо” сэдвээр Монголын скаутын холбооны Хүүхэд залуучуудын зөвлөлийн дарга М.Мөнхдорж нар мэдээлэл өглөө.
Энэ удаагийн хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болно. Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлуудыг хийх дадлага, ур чадвар суралцах юм.