Дархан-Уул аймагт ажиллаж буй Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан өнөөдөр (2023.06.19) үдээс хойно тус аймгийн “Өсвөрийн парламент” бүлгэмийн сурагчидтай уулзалт хийлээ.
Тус бүлгэм буюу Дархан-Уул аймгийн “Өсвөрийн парламент” хөтөлбөр 2021-2022, 2022-2023 оны хичээлийн жилд хоёр удаа зохион байгуулагдсан байна. Бүлгэмийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга удирдаж, Боловсрол, шинжлэх ухааны газрын Түүх, нийгмийн ухааны боловсрол эрхэлсэн мэргэжилтэн А.Энхчимэг нарын зэрэг багш нар чиглүүлэн явуулдаг ажээ. Бүлгэмийн сурагчид “Өсвөрийн парламент”-ын хурлаар хэлэлцсэн асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн, нийгэмд яаж нөлөөлсөн болон тухайн асуудлаарх мэдээллийг ил тод болгож, иргэдийн санал бодлыг тусгахын ач холбогдол зэрэг олон асуудлаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхантай чөлөөтэй харилцан ярилцав. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг олон асуудлаар “Өсвөрийн парламент” бүлгэм удаа дараа хуралдаж, тухай бүр Парламентын даргаа сонгож байжээ. Даргаар сонгогдож байсан “Од” цогцолбор сургуулийн сурагч Э.Энхмаа нийгмийн амьдралд идэвхтэй оролцрж, аймаг нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулсны дараа Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдах зорилготой байгаагаа дурдсан юм.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцохоор очиход нь баяртай хүлээн авахаа илэрхийлэв. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 10 сургууль дээр “Өсвөрийн парламент” бүлгэмүүд ажиллаж буйг чиглүүлэгч багш А.Энхчимэг танилцууллаа. Цаашид бүх сургуулийг хөтөлбөрт хамруулахын тулд идэвхжүүлэлт, урамшууллын арга хөшүүрэг хэрэглэхээр төлөвлөж байгаагаа ярив.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, улс нийгмийнхээ хариуцлагатай эд эс нь байж, мэдээлэлтэй, оролцоотой, идэвхтэй иргэн байхын цагаан толгой бол парламентын боловсрол юм хэмээгээд, мэдлэг бол бодит хүч гэдгийг онцолж, та бүхний энэхүү хүч, идэвх оролцоо парламентын талаарх нийтийн боловсролыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэсэн юм. Улсын Их Хурал болон нутгийн өөрийн удирдлагын байгууллага, аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд санаачилгатай оролцож, хянаж, эрхээ эдэлдэг, идэвхтэй иргэнийг төлөвшүүлэх, улмаар парламентын нээлттэй, ил тод байдлыг хангаж, ардчиллыг бэхжүүлэх, төлөөллийн байгууллагадаа итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлж, засаглалыг сайжруулахад “Парламентын боловсрол” хөтөлбөрийн ач холбогдол оршиж буйг тэрбээр хэллээ.
Уулзалтад Иргэн бол хүч санаачлагын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат оролцож D-Parliament цахим систем, түүний функцууд, хэрэглээ ба ач холбогдол, хүртээмжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан аймгийн “Өсвөрийн парламент” бүлгэмийн багш, сурагчдад “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан сурах бичиг, гарын авлага болон бусад хэрэглэгдэхүүнийг гардуулан өгөв.