Ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг цогц, системтэй ойлгуулахаас гадна парламент үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй байх нь ямар чухал болохыг хүүхэд, залуучууд, олон нийтэд тайлбарлан сурталчлах зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсын бүх хүн амд чиглүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлэх тус хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран ажиллаж байна.
Нээлтэд оролцсон сурагчдыг төлөөлж Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Нандин-Эрдэнэ, “Хамгийн анх “Өсвөрийн парламент” хөтөлбөрт материалаа явуулахаар эсээ, илтгэлээ бэлтгэж байхдаа маш их хүлээлттэй байсан. Тэнцчихвэл би яг юу болох бол, яах бол гээд л… Шалгарсныхаа дараа миний хүлээлтийг хэдэн зуу дахин давсан гайхалтай зүйл болохыг ойлгосон. “Өсвөрийн парламент”-ын нэг гишүүн нь болж, цуврал сургалтуудад хамрагдсандаа маш их баяртай байгаа. Энэ талаар мэддэггүй байхдаа би парламент гэдэг томчуудын хийх ажил, томчууд л мэдээд хийдэг байх гэж боддог байсан бол одоо парламентын суурь нь бид нар юм байна, сурагчид юм байна, ганцхан томчуудын хийх ёстой зүйл биш юм байна гэдгийг ойлгосон. Хууль хэрхэн бүтдэг вэ гэх зэрэг мэдлэгийг хүүхдүүд багаасаа мэдэж авах ёстой гэдгийг хамгийн сайн ойлгож авсан учир хүүхдүүдэд энэ хөтөлбөрт хамрагдахыг уриалж байна. Хүүхдүүдийн парламентын боловсролд зориулж нас насанд нь тохирсон гарын авлага, сурах бичигтэй болсонд маш их баяртай байгаа. Нийт сурагчдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье” гэв.
“Парламентын боловсрол” хөтөлбөрийн ач холбогдлыг дүгнэн Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, “Парламентад юу болоод өнгөрснийг шүүн хэлэлцэх бус болж буй үйл явдалд иргэн дангаараа, эвсэл хамтран нөлөөлж чадах эсэхээр ач холбогдол нь хэмжигдэх мэдлэг, чадварыг алхам алхмаар эзэмшүүлэх замаар хууль тогтоох үйл ажиллагаанд санаачилгатай оролцож, эрхээ эдэлдэг, идэвхтэй иргэнийг төлөвшүүлэхийг бид зорьж байна. Энэ зорилго амар хялбар биш хэдий ч түүнээс хүртэх ач тус нь эх орны маань хөгжил дэвшил, сайн сайхан ирээдүйд нэн чухал байх болно” хэмээв.
Үүний дараа Швейцарын Хамтын ажиллагааны газрын дарга, доктор, хүндэт зочин Стефани Бурри үг хэлэв. Энэхүү хөтөлбөрийг нээж байгаад таатай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, “Швейцарийн хөгжлийн агентлагаас Төлөөллийн байгууллагыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнийхээ хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газартай Монгол дахь парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор хамтарч ажилладаг. “Парламентын боловсрол” хөтөлбөрийг боловсруулахаар санаачлан ажиллаж байгааг сонсоод маш их баярласан. Монголын парламент үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хэрхэн хангах вэ гэдэг чиглэлээр маш их санаачилгатай ажиллах хүсэл зорилготой нь харагддаг. Бид хамтарч энэ хөтөлбөрийг боловсруулахад маш шаргуу ажилласан. Ингэж ажиллахдаа хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн дээд хэмжээнд байлгах вэ гэдэг өнцгөөс бүх зүйлийг хийсэн. Энэхүү хөтөлбөр дан ганц парламентын үйл ажиллагааны чиглэлээр боловсрол олгохоос гадна давхар Монголын парламентын ардчиллыг бэхжүүлэх ач холбогдолтой” гэж байв.