Төрийн есөн хөлт цагаан туг

Монголын Нэгдсэн тулгар төрийн уламжлалт Есөн хөлт Их цагаан тугийг Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болгож Төрийн орд өргөөний хойморт залсаар ирсэн. Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрс шорооны дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлэгдсэн хүрээ мандалын байдалтай суурь дээр залсан байдаг нь уг туг Монгол газар шороон дээр байгааг бэлгэднэ. Төрийн туг нь Их цагаан туг болон түүнийг тойрсон есөн элч тугнаас бүрддэг тул есөн хөлт цагаан туг хэмээн нэрлэжээ.

Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай дэл сүүлээр, ганц хувь үйлдэнэ.

Их цагаан тугны нийт өндөр нь ишний хамт 362,0 см, титэм /сэсэм/-ийн тойргийн голч нь 55,0 см, хөл тугны нийт өндөр нь ишний хамт 262,0 см, титмийн тойргийн голч нь 40,0 см байна. Төрийн тугны оройн хэсэгт гангаар сийлсэн, жийжүүдсэн хээтэй, сэрээ хэлбэрийн гилбэр байна. Гилбэр нь өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн нэгдлийг бэлгэдэх бөгөөд гилбэрийн үзүүрт дүрэлзэж буй галын дөл нь Монгол Улс үүрд мандан бадрахын бэлгэдэл юм. Төрийн туг нь шаргал хээтэй цагаан хоргойгоор хийсэн 4 хэлт манжлага бүхий бүслүүртэй байна. Бүслүүр, хэлийн уулзвар бүр дээр зэс хөөмөл дугуй толь байрлуулна. Төрийн тугны ишийг хус модыг хатааж, тосонд чанаж өнгөлж хийнэ. Их цагаан тугны ишний өндөр нь 303,5 см, голч нь 5,0 см, хөл тугны ишний өндөр нь 231,0 см, голч нь 3,5 см хэмжээтэй байна.

Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ.

Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд Төрийн тугийг цэнгүүлж, баяр наадмын өдөр баяр наадмын төв талбайд хүндэтгэн зална.

Төрийн тугийг цэнгүүлэх, хүндэтгэн залах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.