Төрийн далбаа

    Монгол Улсын Төрийн далбаа нь улаан, хөх, улаан  хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна.

   Соёмбо бичгийг Өндөр гэгээн Занабазар 1686 онд эртний Энэтхэгийн ланз бичигт тулгуурлан зохиожээ. “Соёмбо” гэдэг нь санскрит хэлээр “өөрөө бүтсэн гэгээн” гэсэн утгатай. Харин XX зууны эхээр монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхагласны дараа соёмбо бичгээр төрийн тамга, тэмдгийн бичээсийг бичих, тус бичгийн эхлэлийн тэмдэг болох “соёмбо” гэх дүрсийг тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон туг далбаа зэрэгт дүрслэх болжээ.

      Соёмбын хамгийн дээр нар, сар, гал 3-ын дүрс тэмдэг буй. Түүний наран саран 2 нь Монгол улс гэсэн утгатай. Галыг 3-н үзүүртэй дөлөөр дүрсэлсэн нь эртний Монголчууд галыг маш эрхэм болгож, гал голомт гэж үздэг. Галын дүрс 3-н үзүүртэй байдаг нь Монгол улсын гал голомтыг өнгөрсөн, эдүгээ, ирээдүй гурван цагт буюу үүрд мандан бадарч байх хэмээсэн утгатай юм.

     Соёмбын доторхи гурвалжин дүрс бол эрт цагт дайсны өөдөөс хэрэглэх жад сумны хэлбэрийг дүрсэлсэн бөгөөд дайсныг дарах хэмээсэн утгатай. Үүнд дээр доороо 2 хэсэг байдаг нь Монголын хүн ард их бага, эр эмгүй цөм нэгэн сэтгэлээр Монголын тусгаар тогтнон мандахын, дайсан хаанаас ч гарч ирснийг даран сөнөөхийн тэмдэг болой. Соёмбоны доторхи хөндлөн шулуун өнцөгтэй 2 хэсэг дөрвөлжин дүрс бол Монголын хүн ард их бага, дээр дооргүй цөм улсыхаа төлөө шулуун шударгаар хүчээ өгөх хэрэгтэй гэсэн болой.

     Соёмбоны голд нь бие биеэ эргэсэн хоёр загасны дүрс буй нь загасыг эртний Монголчууд нүд аньдаггүй амьтан хэмээн сонор соргогыг билэгджээ. Үүнд 2 загасыг зурсан нь арга билэг буюу эр, эм хэмээсэн утгатай. Соёмбоны 2 хажуугийн босоо дөрвөлжин нь хэрмийг дүрсэлсэн бөгөөд төрийхөө төлөө нэгэн сэтгэлээр эв нэгтэй болбоос Монгол улс төмөр хэрэм мэт бат болно гэсэн санаа юм.

Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.

Төрийн далбааг дараахь  газар  байнга мандуулна:

  • Монгол Улсын Төрийн ордон;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө;
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын албан ажлын байр;
  • Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын газрын байр.