Үндсэний эрх чөлөөний тусгаар тогтнолоо сэргээн мандуулав

1924 оны 6 дугаар сарын 3-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ. Энэ дагуу БНМАУ-ын Анхдугаар хурал хуралдаж, 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ.

Уг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заажээ.

Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл-Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болжээ. Мөн Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон байна.

Түүх сөхвөл анхны Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын Засгийн газар, Монгол Ардын Намаас 1922 оны 5 дугаар сарын 19-нд гаргаж,  тус ажлын хэсгийн даргаар Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржавыг томилжээ. Улмаар 1922 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Ардын Засгийн газрын 39 дүгээр хурал тэрхүү комиссын ажилтай холбогдуулан гаргасан тогтоолдоо: “Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино" хэмээн заасан байдаг.

Уг ажлын хэсэг Зөвлөлт Орос Улс, АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудыг хуулах нь гэсэн үндэслэлээр 1922 оны 12 дугаар сард татан буулгажээ. Харин 1924 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.

Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж,  халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.

Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.